Их хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэнд ногоон байгууламжаас ихээхэн хамааралтай байдаг. Ногоон байгууламж нь хотын агаарыг цэвэршүүлж, чийгшүүлэн, шороо тоосжилтыг 30-70 хүртэл хувиар багасган, агаар дахь хортой элементүүд, түүний дотор өвчин үүсгэгч нян, бактериудыг үгүй хийж утаа униарыг 40 хүртэлх хувиар бууруулдгаас гадна цэцэг, ногоон байгууламж нь хүнийг тайвшруулж, дархлааны системийг бэхжүүлэн, ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, хотын экосистемийг зохицуулдгаараа өндөр ач холбогдолтой билээ.
Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Хотын соёл” аяны хүрээнд хотын өнгө үзэмжийг нэмэхэд бага ч болов хувь нэмэр оруулах, төрийн байгууллагын байрны гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын үйлчилгээний ажилчид хөрсийг эрүүлжүүлэх, усалгаа арчилгааны тал дээр онцгой анхаарч цэцэг ногоон байгууламжийн мэргэжилтнээс сургалт аван, холбогдох заавар, зөвлөмжийн дагуу НЗЗ-ны байрууд, НҮНТөвүүдийн нийтийн эзэмшлийн гадна талбайд хаврын цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн үйл ажиллагааг эхлүүлэн мод, бут, сөөгний үрсэлгээг суулган, цэцэг тарьж, 7 хоногт хоёр удаагийн давтамжтайгаар ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоог хийн ажиллаж байна.