Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/440 дүгээр захирамжийн хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар марафон-2019” Олон улсын гүйлтийн тэмцээн их жанжин Д.Сүхбаатарын талбайд 2019 оны 05 дугаар сарын 18-ний өдөр нээлтээ хийж, нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НЗД-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар марафон-2019” Олон улсын гүйлтийн тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү арга хэмжээ нь зохион байгуулалт болоод оролцогчдын хамрах хүрээний хувьд жилээс жилд өсөн нэмэгдэж, оролцогчид маань өндөр ач холбогдол өгч оролцдог болсон. Энэ жилийн хувьд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой, нийслэл хотын автомашингүй өдөртэй давхцаж байгаагаас гадна зохион байгуулалтын хувьд эрүүл мэндийн гүйлт, гэр бүлийн гүйлт, мөн хүүхдийн насны ангиллыг нэмж оруулснаараа онцлог болж байгааг” онцлон хэллээ.
Бүх нийтийн биеийн тамир спортыг дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулагддаг тус арга хэмжээнд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын 80 гаруй ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо.