Нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цагийг Нийслэлийн Засаг захиргааны 5-р байрны Иргэний танхимд 2019 оны 03-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн мэдээллийн цагаар 2019 оны 04-р сарын 24-26-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдах гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах арга хэмжээний талаар иж бүрэн гамшгийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилт болохтой холбоотой Нийслэлийн Онцгой байдлын газрын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Чинбат “Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээ” сэдвээр мэдээлэл өгч ажиллалаа.
Тэрээр сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж, манай улсын нилээдгүй газар газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогдож байгаа учраас ард иргэдийнхээ энэ талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, гамшгийн үед авах арга хэмжээг сургах, сурталчилах ажлыг энэ удаагийн улс орон даяар зохион байгуулахад дээд шатнаасаа авахуулаад онцгой ач холбогдол өгч, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Эцэст нь тэрээр “ Энгийн тайван үедээ таны огт анзаардаггүй байсан энгийн асуудал бүхэн гамшгийн үед хамгийн хүндрэлтэй асуудал байх болно, Энгийн тайван үед таны хэнд ч хэрэггүй гэж бодож хаядаг байсан хог бүхэн гамшгийн үед хамгийн хэрэгтэй зүйл болох болно” гэдгийг анхааруулж захилаа.
Мөн улс орон даяар 2019 оны 04 сарын 24-26 өдрүүдэд зохион байгуулагдах гамшгийн иж бүрэн нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнд төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэдийг идэвхи санаачлагатай оролцохыг уриаллаа.